|
|
|
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 19:27 |
|

Аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн семинарын үеэр 2011 оны шүүн таслах болон бусад ажлаараа тэргүүлсэн шүүх, шүүгчдийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Хамгийн сайн менежменттэй шүүхээр анхан шатны шүүхүүдээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүх, давж заалдах шатны шүүхүүдээс Булган аймгийн шүүх, захиргааны хэргийн шүүхүүдээс Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүх шалгарав.
Харин шилдэг шүүгч-багшаар Нийслэлийн шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд, чадварлаг шүүгчээр Нийслэлийн шүүхийн шүүгч Л.Даваасүрэн, санаачлагатай шүүгч-шинэчлэгчээр Булган аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Н.Нарангэрэл, зохион байгуулагч шүүгч-манлайлагчаар Нийслэлийн шүүхийн шүүгч З.Цэнгэнбаяр тус тус шалгарчээ.
|
|
2012 оны 2-р сарын 08, Лхагва гариг, 13:42 |
|

Улсын Дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч нараас бүрддэг Шүүгчдийн зөвлөлийн хуралдаан 2 дугаар сарын 8-ны өдөр боллоо.
Уг хуралдаанаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Дээд шүүхээс орох 2, аймгийн шүүхээс орох 1 шүүгчийг сонгох тухай асуудлыг хэлэлцээд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Б.Ундрах, Сүхбаатар аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч А.Энхбаатар нарыг тус зөвлөлийн гишүүнээр сонгожээ.
Мөн Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг, А.Доржготов, Дархан-Уул аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Л.Амарсанаа, Хэнтий аймгийн шүүхийн шүүгч Б.Дэнсмаа, Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн П.Золзаяа нарыг Шүүхийн Мэргэшлийн хорооны гишүүнээр сонгосон байна.
Түүнчлэн энэ үеэр Шүүхийн Мэргэшлийн хороо, Шүүхийн Сахилгын хороо болон Шүүгчдийн холбооны 2011 оны ажлын тайланг танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаар ярьжээ.
Аймаг, нийслэлийн буюу давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн жилд нэг удаа болдог “цугларалт” энэ өдөр болж байна. Ерөнхий шүүгчдийн семинар үдээс хойш үргэлжлэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааны 2011 оны нэгдсэн дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд мэдээлэл хийх аж. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2011 онд зохиосон ажил, цаашдын зорилтын талаар танилцуулна.
Түүнчлэн 2011 оны шүүн таслах болон бусад ажлаараа тэргүүлсэн шүүх, шүүгчдээ шалгаруулж, шагнал гардуулах юм. |
|
2012 оны 2-р сарын 06, Даваа гариг, 18:55 |
|
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 19 дүгээр зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн санал болгосноор Дамдины Эрдэнэбалсүрэнг Улсын Дээд шүүхийн шүүгчээр томиллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 20 дугаар зарлигаар Намсрайн Батзоригийг Орхон аймгийн шүүхийн шүүгчийн, Гөлөгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймгийн шүүхийн шүүгчийн, Төмөрбаатарын Ганбатыг Хөвсгөл аймгийн шүүхийн шүүгчийн, Давагын Алтантуяаг Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Жамбалын Отгонхишигийг Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
Балжирхүүгийн Энхтайваныг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас, Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн, Доржийн Сарангэрэлийг Хөвсгөл аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалаас Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус сэлгэн ажиллахаар зарлиг гаргалаа.
Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсонтой холбогдуулан Намсрайн Батзоригийг Орхон аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Гөлөгөөгийн Давааринчинг Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөлсөн зарлиг гаргалаа. |
|
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээр орж, ажил байдалтай нь танилцлаа.
Ц.Зориг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх бол манай улсын хамгийн залуу шүүх болохыг онцлоод сайн шүүхүүдийн нэг хэмээн дүгнэдгээ хэлсэн юм. Мөн “Шүүхийн шинэчлэлийн түүхэн цаг үед бид ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр хэрэгжиж эхлээд нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд шүүхийн шинэтгэлийн асуудлаар үндэсний чуулган зохион байгуулагдсан. Шүүгч, хуульчид, иргэний нийгмийн төлөөлөл гээд хүссэн болгон уг чуулганд оролцож, шүүхийн шинэчлэлийн талаар санал бодлоо илэрхийлсэн. Тэр үеэр хэлэлцсэн асуудлууд Шүүхийн тухай багц хуулийн төсөлд орж, энэ хууль одоо УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Монгол Улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгэндээ дэвшүүлсэн зорилтыг бүх шатны шүүхүүдэд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл гарган ажиллаж байна. Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс сахилга хариуцлагагүй байдал, мэргэжлийн алдаа зориуд гаргах, архидан согтуурахтай тууштай тэмцэл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд нэлээд олон хүнд арга хэмжээ авсан. Нэг хүний буруутай үйл ажиллагаанаас болж бүхэл бүтэн салбарын нэр хүнд унах тохиолдол гарч байгаа тул ийнхүү хандахаас өөр аргагүй юм” хэмээн ярив. Мөн 2004 оноос хойш тус шүүх байгуулагдаж захиргааны хэргийг дагнан шийдвэрлэх болсон нь ихээхэн ач холбогдолтой болсныг дурдаад дагнасан шүүхийн төлөвшилтөд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн О.Зандраагийн гавьяа үлэмж болохыг онцолсон юм.
Энэ үеэр Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн тус шүүх байгуулагдан ажилласан 8 жилийн хугацаанд хийсэн ажлынхаа талаар зарим зүйлийг товч танилцуулав. Уг шүүх анх байгуулагдсан үе буюу 2005 онтой харьцуулахад явуулсан бичгийн тоо 10 дахин, шийдвэрлэсэн хэргийн тоо 3 дахин өсчээ. Улсын хэмжээгээр анхан шатны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн 60 шахам хувийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэдэг, шүүхийн ажлын ачаалал их байгаа талаар энэ үеэр мөн яригдсан юм.
Уулзалтын төгсгөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг тус шүүхийн хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 21 ширхэг компьютер өгч байгаагаа мэдэгдэн, гардуулан өглөө. |
|
|
2012 оны 2-р сарын 03, Баасан гариг, 10:10 |
|
НИЙТ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР, ХЭЛТСИЙН ДАРГА НАРТ
Сургалтад хамруулах тухай
Шүүхийн мониторингийн зөвлөлийн хэрэгжүүлж буй "Иргэн-1" програм хангамж ашиглалтад орж байгаатай холбоотой шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн сургалт 2012 оны 03 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.
Сургалтад хамрагдах ажилтнуудын зочид буудлын болон хоолны зардлыг ГОУХАН "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах" төсөл хариуцах бөгөөд ирэх, буцах унааны зардлыг тухайн шүүх хариуцна.
Иймд нийт шүүхийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүд 2012 оны 03 дугаар сарын 1-ний өдрийн 09.00 цагт Улсын Дээд шүүхийн байранд цугларна уу.
Жич: Шаардлагатай мэдээллийг ШЕЗ-ийн Мэдээллийн технологийн тасгийн дарга Д.Мөнхзоригоос /264514/ тодруулахыг хүсье.
ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.ГАНБАЯР
|
|
2012 оны 2-р сарын 01, Лхагва гариг, 17:36 |
|
МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧ,
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГЫН ХАМТАРСАН ЗАХИРАМЖ
2012 оны 01 сарын 31 өдөр Дугаар 13/12 Улаанбаатар хот
Удирдамж, ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай
Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4, 65 дугаар зүйлийн 65.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөрийг шүүхэд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх үндсэн чиглэл” болон шүүн таслах ажиллагаанд анхаарах зарим асуудлын талаар зохион байгуулагдах бүсчилсэн уулзалт-ярилцлагын удирдамжийг 1 дүгээр хавсралтаар, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Удирдамжид тусгагдсан ажлуудыг зохих журмын дагуу тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэхийг ажлын хэсгийн бүрэлдэхүүний ахлагч нарт даалгасугай.
3. Бүсчилсэн уулзалт-ярилцлагын талаар зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Н.Ганбаяр, Тамгын газрын дарга Д.Эрдэнэчулуун нарт үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ц.ЗОРИГ
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 52 |
Хамгийн их уншигдсан мэдээ
|
|
|
|